Антонио Вивальди
Антонио Луцио Вивальди (Итали: Antonio Lucio Vivaldi; Венецэд 1678 оны 3 сарын 4 — Венад 1741 оны 7 сарын 28) бол Венецийн алдарт хөгжмийн зохиолч, хийлч хүн байлаа.
Амьдрал ба урлагт орсон зам
Вивальдигийн аав мөн хийлчин бөгөөд есөн хүүхэд төрүүлсэний хамгийн том нь Вивальди юм. Тэрээр бага байхийн хийл хөгжимд тун авьяастай байсан учраас аавийнхаа оркестрт хааяа хамт тоглодог байж. Шашны их сургуулийг төгссөн тэрээр хорин таван настайдаа сүмийн дэргэдэх асрамжийн газрын өнчин охидуудад хийл хөгжим зааж эхлэж сүүлдээ энэ оркестрийн Ospedale della Pietà удирдаачаар ажиллах болов. Итали даяар нэр нь цуурайтах болсон тэр үеээс тэрээр өөрийн хийлийн концерт, сонатаа бичиж эхэлжээ. 1705 оноос бичиж эхэлсэн сонатын цуглуулга нь түүнийг европ даяар танил болгов. 1729 онд хэвлэгдсэн 12 бүтээлийн цуглууллаганд түүний алдарт Дөрвөн улирал Le Quattro Stagioni мөн хамрагджээ.
Вивальдигийн уран бүтээл
Ospedale della Pietàд ажиллаж байсан тэр үеээс Вивальди дуурийн хөгжим бичиж эхэлсэн бөгөөд 1713 онд анх тавигдсан Ottone in villac хойш 1739 он гэхэд тавин дуурийг тэрээр туурьвисан байлаа. Нэгэн маргааны улмаас тэрээр Венецийг орхиж Мантова, Ром д ажиллаж мөн Ромын Папд хоёр ч удаа тоглон өгч, сүмийн хөгжим бичиж байгаад найман жилийн дараа Венецдээ эргэн ирсэн байна. Вивальдигийн олон шүтэн бишрэгчид Венецийг зорих болсон хэдий ч Барроко урсгалаас Галант урсгалийг илүүтэй үзэх болсон Вивальдигийн хөгжим аажмаар хүмүүсийг сонирхолыг тэр бүр татахаа болив. Тиймээс 1740 онд Вивальди Вена-г зорисон бөгөөд тэнд ирсэнээсээ хойш арван сарын дараа 1741 оны 7 сарын 28д тэрээр таалал төгсжээ. Олонд шүтэн бишрэгдэж явсан түүний оршуулга сүр дуулиангүй, их чимээгүй болж өнгөрсөн байна.
Вивальдигийн 500 гаруй концертийн 241 нь хийлийн гоцлол концерт бөгөөд 39 концерт нь Фагот мөн бусад үлээвэр хөгжим, мандолин зэрэгт зориулагдсан концертууд багтдаг байна. 70 гаруй концертдоо тэрээр 2 болон түүнээс дээш гоцлолуудийг оролцуулж, мөн зэмсэг бүрээс 16 гоцлолоос бүрдсэн концерт, эсвэл огт гоцлолгүй концерт зэрэг нь түүний хэр шинийг ирэлхийлэгч байсныг илтгэж байгаа юм. Вивальди нэгэн захианд 94 дуурь бичсэн гэж дурьдсан байдаг ч одоогоор түүнийх болох нь тогтоогдсон 49 дуурь байдаг байна. Эдгээрээс ихэнх нь 1970 оноос хойш олон орны тайзнаа тавигдаж эхэлсэн бөгөөд түүний бичиж хэрэглэж байсан нот уудын ихэнх нь одоо Турины Biblioteca Nazionale д хадгалагдаж байгаа аж.
Ном хэвлэлүүд
- Michael Talbot: Vivaldi. BBC Music Guides, London 1979. ISBN 0-563-12856-9
- Michael Stegemann: Vivaldi. Rowohlt, Reinbek 1985. ISBN 3-499-50338-7
- Michael Talbot: Antonio Vivaldi. A Guide to Research. Garland Press, New York 1988. ISBN 0-8240-8386-5
- Sebastian Zips: Die Violoncellosonaten des Antonio Vivaldi. Dissertation. Kath. Univ. Eichstätt 2005. (online)
- André Romijn: Hidden Harmonies: The Secret Life of Antonio Vivaldi. Roman House Publishers, Ripon 2008. ISBN 0-9554100-1-0
- Siegbert Rampe: Antonio Vivaldi und seine Zeit. Laaber-Verlag, Laaber 2010. ISBN 978-3-89007-468-9